Хүнээс хүнд өтгөн-мөр-амаар дамжин халдварладаг вирүсын халдварт өвчин. Калици вирүсийн овогт багтдаг, хоруу чанар багатай вирүс тул харьцангуй их хэмжээтэй байж өвчин үүсгэдэг юм.
Эх уурхай: Өвчтэй хүн байх бөгөөд өвчний ид үеийн эхээр өтгөнөөр нь вирүс их хэмжээтэй ялгарч байдаг. Усаар зонхилон халдвар дамждаг тул өвчлөл олон хүнийг хамарсан дэгдэлт хэлбэрээр тархдаг. Мөн хоол унд, ахуйн хавьтлын замаар дамжина. Алаг цоог өвчлөл үүсгэх нь ховор. Е хепатит нь халуун орны нутагшмал өвчин бөгөөд усан хангамж муутай хүн амын дунд элбэг тохиолдоно. 15-29 насны насанд хүрэгсэд ихэвчлэн өвдөнө. Е хепатит нь жирэмсний сүүлийн хагаст байгаа эмэгтэйчүүдэд хүнд явагдан, нас баралт ихтэй байна. Өвдсөний дараа өвөрмөц дархлаа тогтдог.
Шинж тэмдэг: Нууц хугацаа 10-60 хоног. Урьтал үе нь 1-10 хоног бөгөөд ерөнхий хордлогын шинжээр өвчин аажим эхэлдэг. Шарлалтын үе эхэлсэн ч өвчтөний биеийн байдал хөнгөрөхгүй байдгаараа А хепатитаас ялгаатай. Шарлалт аажим нэмэгдэн, 2-4 долоо хоног өнгөрөхөд шарлалт буурч, эдгэрэлт эхэлдэг. Жирэмсний 2-р хагаст байгаа эмэгтэйчүүдэд зулбах, дутуу төрөх, ураг эх дотроо эндэх, төрлөгийн үед цус алдах, комд орж нас барах нь олонтоо тохиолддог. Мөн бөөрний сувганцрууд гэмтэх, шээс гарахаа болих шинжүүд илэрч, элэг бөөрний хам шинж бүхий хүнд хепатит үүсэх нь түүний бусад хепатитаас ялгарах бас нэг онцлог юм. А хепатиттай харьцуулахад хүндэвтэр, хүнд хэлбэр Е хепатитын үед элбэг тохиолддог ч өвчин бүрэн эдгэрдэг.
Сэргийлэлт: Өвөрмөц сэргийлэлт одоогоор нэвтрээгүй. Бохир гараар дамжидаг учраас ариун цэврийг сахих нь чухал билээ.