Элэг яагаад чухал вэ?
Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн юм. Элэг нь хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тухайлбал, элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг.
Элэгний С вирүс гэж юу вэ?
С вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг С вирүст хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний С вирүс гэнэ. С вирүс нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Цочмог халдвар авсан хүмүүсийн 25% нь 6 сарын дотор эдгэрдэг бол 75% нь архаг хэлбэрт шилждэг. Архаг С вирүсийг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай.
Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?
Хепатит С вирүсийн халдвар нь цусаар дамждаг халдвар юм.
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж байсан хүмүүс
Гемодиализ хийлгэж байсан хүмүүс
Мэс засал, хануур, тѳѳнүүр зэрэг арьс салст гэмтээх ажилбар хийлгэж байсан хүмүүс
Элэгний биохимийн шинжилгээнд АЛТ хэд хэдэн удаа хэвийн бус гарч байсан хүмүүс
Халдвартай зүү тариуртай ажиллаж байсан эмнэлгийн ажилчид
Шоронгийн хоригдол болон шоронд ажиллаж байсан хүмүүс
Хепатит С вирүсийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүд
Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж байсан хүмүүс /олон хавьтагчтай/
ДОХ болон бэлгийн замын бусад өвчнөөр өвдөж байсан хүмүүс
Шивээс болон биеэ /чих, хамар, хэл, биеийн аль нэг хэсэг/ цоолуулж байсан хүмүүс
Хепатит С вирүстэй үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Элэгний С вирүсийн халдвартай ихэнх хүнд удаан хугацаагаар ямар ч зовиур илэрдэггүй нь энэхүү ѳвчний нэг аюул юм. Олонхи тохиолдолд хэвлийгээр ѳвдѳх болон арьс салст, нүдний цагаан шарлах шинж тэмдэг илэрч эмчид хандах үед ѳвчин нь аль хэдийнэ орой үедээ орсон байдаг. Иймээс эрт оношлуулах нь элэгний хатуурал, хавдар зэргээс хамгаалах хамгийн чухал алхам юм.
Хепатит С вирүсийг яаж оношлох вэ?
Хепатит С вирүсийн халдвартай эсэхийг цусны шинжилгээгээр оношлодог. Цусны шинжилгээнд хепатит С вирүсийн эсрэг-бие тодорхойлогдоно. Үүнээс гадна, элэгний С вирүстэй өвчтөнүүдийн элэг хир гэмтсэн болохыг элэгний биопси буюу элэгний эдийн дээж шинжилгээгээр тодорхойлдог.
Хепатит С вирүсийг хэрхэн эмчлэх вэ?
Цочмог хепатит С
Хэвтрийн дэглэм сахих, шингэн сайн уух, эрүүл зөв хооллож, архи согтууруулах ундаанаас зайлсхийхийг эмч зөвлөдөг. Цочмог хепатит С вирүсийн халдварын үед зарим тохиолдолд эмийн эмчилгээ шаардлагатай болдог. Вирүсийн халдвар бүрэн эмчлэгдтэл эмчийн хяналтанд байж тогмтол үзүүлж байх ёстой.
Архаг хепатит С
Архаг хепатит С вирүстэй үед пегинтерферон рибавирин болон совальди гурвын хавсарсан эмчилгээ хийхийг ДЭМБ-аас зөвлөдѳг. Элэгний С вирүсийн эмчилгээг зѳвхѳн эмчийн хяналтан дор хийлгэх ёстой. Үүнээс гадна, элэгний С вирүсийн халдвартай хүмүүс эмчтэйгээ элэгний хавдрын шинжилгээ өгѳх болон элэгний А, B вирүсийн эсрэг вакцин хийлгэх талаар зөвлөлдөх хэрэгтэй.
Элэгний С вирүстэй ѳвчтѳн амьдралын эрүүл хэв маягтай байх шаардлагатай
Элэгний С вирүстэй өвчтөнүүд элгээ хайрлаж дараах дэглэм барихыг зѳвлѳж байна. Үүнд:
Эрүүл зөв хооллох
Дасгал хөдөлгөөн хийх
Ядарсан үедээ амарч байх
Зөвхөн эмчийн санал болгосон эмийг хэрэглэж занших
Архи ба эмээс зайлсхийх
Элэгний эмчид тогтмол үзүүлж байх /хепатологич ба гастроэнтерологич/
Хепатит А ба B вирүсийн эсрэг вакцинд хамрагдах талаар эмчтэйгээ зөвлөх
Хепатит С вирүсийн тархалтыг яаж зогсоох вэ?
Хепатит С вирүсээс сэргийлэх вакцин одоогоор байдаггүй. Хепатит С вирүсийн халдвараас сэргийлэх ганц арга бол цусаар дамжих халдварыг зогсоох юм.
Зүү тариурыг дахин хэрэглэхгүй байх
Аюулгүй бэлгийн харьцаанд орох
Шивээс болон бусад арьс салст гэмтээх ажилбар хийлгэхдээ тоног төхөөрөмжийн ариун байдлыг хянах
Сахлын хутга, шүдний сойз гэх мэт хувийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх
Хэн нэгний цустай харьцах бол бээлий заавал өмсөх