Элэг яагаад чухал вэ?
Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн юм. Элэг нь хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тухайлбал, элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг.
Хепатит Д вирүс гэж юу вэ?
Хепатит дельта вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг Д хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний Д вирүс гэнэ. Хепатит дельта вирүс /ХДВ/ нь В вирүст халдвартай үргэлж хамт оршиж байдаг, хүний биед дангаараа өсөж үржих чадваргүй буюу согогтой вирүс юм. Ѳѳрѳѳр хэлбэл, хепатит Д вирүс нь биед хепатитын В вирүс байхгүй тохиолдолд ѳвчин үүсгэхгүй юм. Хепатит В вирүс ба Д вирүс нэг дор хамт халдварлахыг давхар халдвар, харин хепатит В вирүстэй хүнд дельта вирүс нэмж халдварлавал дараалсан халдвар гэнэ.
Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?
Архаг хепатит В вирүс тээгчид нь хепатит Д вирүсийн халдвар авах эрсдэлтэй. Түүнчлэн хепатит В вирүсийн халдвар аваагүй мѳн хепатит В вирүсийн эсрэг дархлаажуулалт хийгдээгүй хүмүүс нь давхар болон дараалсан халдвар авах эрсдэлтэй.
Хепатит Д вирүстэй үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Давхар халдвар буюу В болон Д вирүс нэг дор халдварлах үед нууц хугацаа нь хепатит В вирүсийн титр хэр их байгаагаас хамаарна. Давхар халдвар нь ихэвчлэн цочмог халдвар байх ба ѳвчлөгсдийн 5% орчимд нь өвчин архагшиж үлддэг. Шарлалтын өмнөх үед өвчтөн ихээр ядрах, хоолны дуршилгүй болох болон дотор муухайрах зэрэг зовиур мэдэгдэх ба энэ үе нь 3-7 хоног үргэлжилнэ. Энэ үед элэгний үйл ажиллагааны шинжилгээнүүд ѳѳрчлѳлтѳй гарна. Шарлалтын үедээ хордлогын шинжүүд улам нэмэгдэн, элэг эмзэглэлтэй, дэлүү томрох нь олонтоо ажиглагдана.
Дараалсан халдвар буюу хепатит В вирүс тээгч хүмүүс Д вирүсээр халдварлах үед нууц хугацаа нь богино байх ба хүнд хэлбэрийн цочмог элэгний үрэвсэл үзүүлэхээс гадна өвчлөгсдийн 80% орчимд нь өвчин архагшиж үлддэг. Эмнэлзүйн онцлог шинж нь өндөр халуурах, үе мөч болон элэг орчим өвдөх зэрэг юм. Мөн архаг хепатит Д вирүсийн халдвартай үед ядарч сульдах шинжүүд илүү их ажиглагдах бөгөөд хамар, нүүр, дал мөрөнд судаслаг тууралт гарах ба алга улайх, элэг дэлүү мэдэгдэхүйц томордог. Хепатит Д вирүс нь элэгний дутагдалд орох, улаан хоолойн судаснаас цус алдах, элэгний өмөн үүсэх цаашлаад үхэлд хүргэх шалтгаан болдог.
Хепатит Д вирүсийг хэрхэн оношлох вэ?
Хепатит Д вирүсийн оношлогоог В вирүсийн халдвартай хүн бүрт (HBsAg эерэг гарсан хүмүүст) хийж байх хэрэгтэй юм. Хепатит Д вирүсийн оношлогоог цусны ийлдэс anti-HDV илрүүлэх
сорилоор хийдэг. Мөн молекул биологийн лабораторид ХДВ-РНХ-г тодорхойлж одоо байгаа вирүсийн хэмжээг тогтооно.
Хепатит Д вирүсийг хэрхэн эмчлэх вэ?
Хепатит Д вирүс нь ямар нэг өвөрмөц эмчилгээгүй ба цочмог халдварын үед ихэвчлэн шинж тэмдгийн эмчилгээ хийгддэг. Интерферон эмчилгээ нь вирүсийн хор нөлөөг багасгадаг боловч бүрэн эмчилдэггүй. Одоогоор ХДВ-ийг бүрэн эмчилдэг эм гараагүй байна.
Хепатит Д вирүсийн тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга юу вэ?
Хепатит В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлж чадвал хепатит Д вирүсийн халдвараас сэргийлэх боломжтой. Үүний тулд хепатит В вирүсийн эсрэг вакциныг халдвар аваагүй хүмүүст хийх нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм.
Хепатит В вирүсийн тархалтыг зогсоох бусад арга зам:
Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмсэн болохыг хүсэж байгаа бол шинжилгээ хийлгэх
Зүү тариурыг дахин хэрэглэхгүй байх
Аюулгүй бэлгийн хавьталд орох
Сахлын хутга, шүдний сойз болон бусад хувийн эд зүйлсийг хуваалцахгүй байх
Шивээс хийлгэх болон бусад арьс салст гэмтээх ажилбарт зөвхөн ариун зүү, тоног төхөөрөмжийг ашиглах
Та хепатит В вирүсийн халдвартай бол, шүдний эмч болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа мэдээлэх хэрэгтэй.
Хепатит В вирүсийн эсрэг вакцинд хэн хамрагдсан байх ёстой вэ?
Хепатит В вирүсийн эсрэг вакцин хийлгэсэн байх ёстой хүмүүс Үүнд:
Нярай ба хүүхдүүд
Хепатит В вирүсийн халдвараар өвчлөөгүй хүмүүс
ХДХВ-ийн халдвартай хүмүүс
Эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, цэргийн ажилтнууд
Гемодиализ хийлгэдэг хүмүүс
Шоронд байгаа хүмүүс болон тэдгээртэй харьцдаг хүмүүс
Бэлгийн олон хамтрагчтай хүмүүст