Нэг. Сайн юмны сайнгүй тавилан
Олон түмэн муу юмыг анзаарамтгай. Нийгэм нээлттэй болохын хэрээр муу муухай үйл хэрэг олон түмний хараанд өртдөг, нийтийн хүсэл зоригоор адлагддаг болж байна.
Харин сайн үйлс бага анзаарагддаг. Бага анзаарагдахын хэрээр сайн үйлсийн хувь тавилан сонирхол татахгүй өнгөрнө. Нэгэн үеийн монголчуудын хүзүүн дээр зайдалж байсан, орос эхнэр Филатоваг олон хүн залуу настайгаа хамт дурсаж, тэр авгай л улсын хөрөнгөөр пионерийн зуслан барихыг тушаасан учир бүх хүүхэд аандаа жаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр хуримын ордон босгохын зарлигласны үрээр гэр бүл тарчихаагүй үлдсэн аятай ярьдаг. Харин хэдэн жилийн өмнө өөрийн босгосон хөрөнгөөр монголын орон гэргүй хүүхдүүдийг асарч тойлж байгаад түймэрт өртөж, хүүхдүүдийн амийг авраад өөрөө үхсэн нэгэн гадаад эмэгтэйг бол таг мартсан. Түймэр гарсан тухай мэдээ явж байсныг бүүр түүр санах нэгэн байвч нэрийг нь ч таг. Ийм л байдаг. (Эргэлзэж байвал монгол улсын хамгийн шударга, хамгийн нүдээ олсон шагнал болох “Шударга журам” медальтай нэг хүнийг нэрлэх гэж оролдоод үзээрэй)
Сайн үйлсийн хувь заяаг бага сонирхохын хэрээр түүнд учрах садаа элбэг. Сайн юм чинь, зөв юм чинь, өөрийн санаачилга хөрөнгөөр хийж байгаа юм чинь болно гэсэн итгэлээр эхлүүлсэн олон сайхан үйл хэрэг замхарсан байдаг. Ихэнх буянтан гомдол гаргахгүй, сайн сайхан юмны төлөө явж байж хэрүүл уруул хийж, буяндаа бузар оруулаад яахав гэдэгтэй холбоотой. Буяны үйл, тусламж нь тухайн проблемоор бизнес хийж, тэндээс ашиг олж, үгүйдээ л тулгамдсан бэрхшээлийг зөвшөөрөгдөж болох зардлаар шийдэж байсан бүлгийн эсэргүүцэлтэй үргэлж л тулдаг. Жишээлэхэд, гэр хороололд хувиасаа үнэгүй түлээ бэлэглэх сайн үйлс өрнүүллээ гэхэд мод, нүүрсний ченжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч л таарах шиг зүйл. Өвөг дээдэс “Сайн юманд садаа мундахгүй” хэмээн дэмий нэг сануулаагүй аж.
Хоёр: Элэг эмтрэм статистик
Монгол улс элэгний хорт хавдрын үхлээр манай гариг дээр тэргүүлж байна. Дэлхийн дунджаас найм дахин их байгаа статистикийг монгол маягаар, хол саахалтын дайтай биш, харин өртөө хэртэй тасархай яваатай зүйрлэж болно. Элэгний хорт хавдрын ээж болох хепатитын С вирүсийн эсрэг цор ганц эмчилгээ байсан интерфероноор тариулахад 30.000 орчим ам.доллар байсан нь орон сууцтай хүнд түүнээ зараад амиа аварч болох зам байж. Хайртай дотно хүнийхээ амь насны төлөө орон гэрээ зольж гудманд гарах шаардлагатай тулгарч болох гэр бүл монголд тойм судалгаагаар 200.000 орчим байх. Гэтэл хепатитын С вирүсийн найдвартай дардаг мөртлөө интерфероноос бага хугацаанд хэрэглэдэг эм Sovaldi (Софосбувир) хэмээх нэрээр гаргаад ирэв. Үнэ нь 85.000 орчим доллар. Бүгдээрэнд нь зарах орон сууц байхгүй ч гэсэн боломжгүй нэгэндээ туслах хөдөлгөөн өрнүүлдэг сайхан практик манайд бий боллоо. Олон нийтийн хандиваар гадаадад, үнэтэй мэс засал хийлгэж, нэгийнхээ амийг нь аварсан явдал сонин, хэвлэлийн хуудас дүүрэн байна. Ингэж бодохоор аюулын ирмэгт байгаа 200.000 хүнийхээ тоог 30.000-85.000 ам.доллараар үржүүлээд нэг тоо гаргаад харахад гэмгүй. Эрүүл мэндийн бизнес эрхлэгчдийн хувь монголын зах зээл дээр ямар том боломж гарч ирээд байсан нь эндээс харагдана. Эрүүл мэнд бол бизнес, үргэлж л тийм байсан. Монголын уран сайхны “Өглөө” кинон дээр эмчилгээний хөлс авсан маарамбыг буруушаахад “Авч өгч сурсан самбай янчаан хоёр шүү дээ” хэмээн биеэ өмөөрдөг дөө.
Гурав. Элэг нэгтний элэг
Гэтэл бүх юм орвонгоороо эргээд, гайхалтай бизнесийн орчинг нураагаад эхэлжээ. Нэг талаас “Оном сан” хэмээх сайн санааны сан энд нөлөөлсөн. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ монголын сэхээтний нэг, Доктор Д.Наранбаатар, мөн л олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эмч, доктор Д.Наранжаргал нар 2008 онд энэ санг байгуулжээ.
Мянга мянган монгол айл өрхийн нэгэн адил өвөө, нагац ах нараа элэгний хорт хавдраар алдаж байсан залуус, аавыгаа энэ өвчнөөс аварч ихээхэн итгэл найдвар төрснөөс энэ бүхэн үүджээ. Залуу насны оргилсон хүсэл мөрөөдөл, судлаачийн тооцоо, анагаах ухааны шинэ ололтууд тэдний хүсэл зорилгын тулгын чулуу болж байж. Доктор Д.Наранбаатар физикч бээр АНУ-ын Аргонне үндэсний лабораторийг орхин мянга мянган монгол айлыг элэг бүтэн үлдээж болох үйлст зүтгэхээр шийджээ. (Дашрамд дурьдахад, АНУ-ын үндэсний лабораторид эрдэмтэнээр уригдаж ажиллана гэдэг бол монголд танил талгүй хүн төрийн албанд орохоос ч хүнд шалгууртай). Доктор Д. Наранжаргал ч гэсэн Германы Макс Планкын Институтад судлаачаар ажиллах урилгыг хүлээн авалгүй энэ үйлст зүтгэхээр мѳн шийджээ. Тухайн үед шинээр туршиж эхлээд хепатитын С вирүсийн эсрэг шинэ эмийн туршилтын явц ч урам зориг төрүүлсэн юм байна.
Ингээд Анагаах ухааны ухааны доктор, профессор Я.Дагвадоржоос эхлээд тухайн салбараар мэргэшсэн, туршлагатай эмч нараар баг бүрдүүлэн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх дэд хэсгүүдтэй, цогц хөтөлбөр боловсруулж, түүндээ хэрэгтэй судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулжээ. Уг хѳтѳлбѳрѳѳ “Эрүүл Элэг Хѳтѳлбѳр” хэмээн нэрийджээ. Дэд хэсгүүд нь хүн амыг нийтэд нь шинжилгээнд жигд хамруулах, урьдчилан сэргийлэх сайн тогтоц бий болгож халдвар аваагүй хүмүүсээ хамгаалах, улмаар эмчилгээг хүртээмжтэй хийн голомтоор дарж авах гэсэн санаа шүү дээ. Санаа зөв бол заяа зөв гэгчээр хамгийн сүүлийн үеийн мөнөөх эмийг үйлдвэрлэгч тал ч бараг 100 дахин хямд үнээр монголд өгөхөөр болжээ. Энэ нь цаанаа их учиртай боловч бидний боддог шиг монголчууд хүнээс дээгүүр төрснийг итгэх “хөх толбо” энэ тэрээс үүдээгүй юм байна. Хэдийгээр “С” вирүстэй хүнийхээ хувь процентоор хэтэрхий тэргүүлэх боловч цөөхөн хүн амтай учраас сонирхол татсан аж. Учир нь 200.000 орчим хүнийг эмчлээд хаяахад л бүхэл бүтэн Монгол улсыг “С” вирүсээс чөлөөлсөн аугаа ялалт анагаах ухаанд гарах учиртай. Нөгөө талаас дэлхий ертөнц хөгжихийн хэрээр бизнест хүнлэг чанар давамгайлж, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг дээдлэн, ялангуяа ядуу буурай орнуудад онц хэрэгцээтэй эм , эмчилгээний үнийг бууруулах хандлагатай болсон нь ч нөлөөлсөн гэнэ. Жишээлэхэд л ДОХ-ын эмчилгээний үнэ хэрхэн бууснаас эхлээд манайхны мэдэх хепатит “В”вирүсийнэсрэг эмний үнэ 500,000-аас 50.000 төгрөг болтлоо буусан олон жишээ үүнийг хэлээд өгнө.
Гэвч урам зориг бадарсан, монголын төр, ард түмэн минь ч халуунаар дэмжинэ гэдэг найдан ирсэн залуусыг эх орон нь тэврэн угтсангүй, тэр ч бүү хэл найрсгаар гар барин мэндэлсэнгүй. Хурал номын газар хараалын үйлчилгээ байдаггүй шиг, сайхан үйлсийн тухай яриаг муу мэдээгээр чигжихгүй гэсэндээ олон үйл явдлыг товчильё доо, одоохондоо.
Дөрөв. Элэггүй явдал
Өрнөсөн үйл явцтай уялдаад элэгний С вирүстэй тэмцэх хүрээнд хийж болох байсан, гоёор хэлэхэд “хүмүүнлэгийн бизнес”ийн аугаа зах зээлийн ирээдүй бүрхэг болоод ирсэн байна. Эндээс будлиан үүсч, нэг талаас нь харахад үнэ нь ойлгомжгүй болчихоод бүтэхгүй ч байгаа юм шиг, нөгөө талаас нь харахад “хэн нь анхдагч” болохыг шийдэхгүйгээс болоод манайд нэвтэрч болохгүй байгаа ч юм шиг байдал харагдаад, эцсийн дүндээ зуу зуун мянган айл, сая сая монгол хүнийг өнчрөл хагацлаас аврах ажил удааширчээ.
Нарийндаа бол элэгний хорт хавдраа хамгаалах “ариун зах зээл” дээр том бизнест бэлдэж байсан бүлэглэлүүд “оргүйд орвол охинтой” үлдэхийг хүсэгчид 900 доллараар орж ирэх эмний үнийг 1800 энэ тэр болгон будлиантуулаад эхэлжээ. Өнгөц харахад “Ард түмнийг би аврана, Үгүй, яасан ч чамаар авруулахгүй, зөвхөн би л аврах нигууртай” гэлцэн үзэлцэх үзэгдлийн мөн чанар нь энэ. Интернэтээсхарахад эмийг 900 доллар болтол хөнгөлж байгаа нь Блоомберг дээр ч бэлээхэн харагдаж л байх.
Тав. Элэг бүтэн үлдэхийн тулд…
Ер нь бол энэ эм хэзээ нэг цагт, хятадаас ч юмуу, энэтхэгээс ч юмуу, хуулбар нь ороод ирэх байх, олж авч чадсан нь дураараа хэрэглэх л байх, дуртай эмээ идэж сураагүй юм биш гэж. Харин элэгний хорт хавдрын шалтгааныг илрүүлэх, эмчлэх, арилгах цогцолбор ажил хийгдэхгүй учир, нэг хүн энд эдгэхэд, тэнд хоёр хүнд тусаад, гурав дахь ямар аймшигт юм тусснаа мэдэхгүй хугацаа алдаад л цаашаа явах биз.
Үүнээс илүү их алдаж байгаа зүйл бол хугацаа юм. Эдийн засагт хугацаа алдвал мөнгө алддаг, харин анагаах ухаанд хугацаа алдвал амь алддаг. Амин хувийн шальгүй эрх ашиг дээр алалдаж байх зуур, вирус тээгч 200.000 хүн үхэл рүү алхам алхмаар дөхөж, цаазын ял шиг сонсогддог “эмчлэгдэхгүй, сүүлийн шатандаа орсон байна” хэмээх хариултын хязгаарыг давж байна.
Зориуд тэмдэглэн хэлэхэд, Оном сангийнхан уг эмийг монголд борлуулаад, хэн нэгэнд очих байсан бага боловч олз (нэг эмнээс нэг ядаж нэг цент унагах ч юм уу) ашгийг амжиж булаах гэсэн юм бүр биш. Аюултай “С” вирусын аранга болсон эмийг хийж буй компани монгол дахь борлуулагчаа аль хэдийнэ сонгож, нэр нь Омбол гэсэн. Угаасаа эрүүл бизнесийн ертөцөнцөд төсөл хэрэгжүүлэх болон бүтээгдэхүүний дистербуци хоёр үүргийг нэг газарт өгдөггүй, тэрийг ч Ономынхон мэдэж байсан хэрэг. Харин тэд монгол хүний элгийг эрүүлжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмийн үнэ, борлуулалтад хяналт тавина.
Нөгөө талаас манайхан Оном сангаас илүү оновчтой хѳтѳлбѳр боловсруулаад ѳѳрсдѳѳ хийгээд явчихна гэж санаж яваа байх. Харамсалтай нь барууныхан хүнд итгэхийн өмнө их цэрвэдэг, нэг итгэсэн хүндээ үргэлж найддаг, нэгэнт итгэлийг нь хүлээсэн этгээдтэй зөрөлдсөн, зөрчилдсөн улсыг өөрийнхээ эсрэг этгээд гэж шууд ойлгодог. Ийм учраас анхлан итгэлцсэн тэр үйл ажиллагааг нь нураагаад оронд нь өөрийнхийгээ босгож ирнэ гэж ёстой найдалтгүй. Зүгээр л цаг алдана, цаг алдахын хэрээр мянга мянган монгол хүн амь алдана.
Оном сангийн боловсруулсан хөтөлбөрөөр бол 2020 он гэхэд “С” вирүсийг бүрэн арилгаж, үндэстнээрээ эрүүлжих ба ингэснээрээ 2030 оны өндөрлөгөөс харахад элэгний хорт хавдраар амь алдах байсан 40.000 хүний амийг аварсан байх аж. Энэ бол 40.000 айлын голомт бүтэн үлдэж зуу зуун мянган монгол хүн элэг бүтэн үлдэнэ гэсэн үг.
За яахав, элэгний вирүсийн эмчилгээний шинэ эм, аргачлалыг дарамталсаар байгаад өөрийнх болгоод хождог юм байж, жаргадаг юм байж. Гэвч эмчилгээгээ оройтуулснаас болон амиа алдаж байгаа мянга мянган хүн “Тэр гэгч муу хүн садаа болоогүй бол би эртхэн эмчлэгдээд амьд үлдэж болох байсан” хэмээн гомдсоор бурхан болох, зуун зуун мянган өнчид элэг эмтэрсэндээ буруушааж явааг мэдэрч амьдрах жаргал юм гэж үү.
Нийгмийн амьдрал нээлттэй болсны дээр монголчууд угаасаа буруутныг өөрөөсөө гадуур хайдаг зантайг хэлэх үү.
Эх сурвалж: http://tsenddoo.niitlelch.mn